Success Story EP1 | Fat Cat Jazz Club
Success Story EP1 | Fat Cat Jazz Club2024-03-07

ХӨГЖИМЧИН МУУРНУУДЫН ТҮҮХ

Жазз хөгжмийн ертөнцөд тавтай морил. АНУ-ын Нью Орлеанс мужаас гаралтай энэхүү урсгал нь хэв маяг хэмнэлд баригддаггүй, хурдан удаан аль альныг нь тоглодог учраас хүний сэтгэлийн олон мэдрэмжийг өдөөдөг агаад өдгөө нэгэнт Улаанбаатарын залуучуудын сонсох дуртай хөгжмийн урсгал болжээ. “Fat Cat” жазз клубийг 2018 онд мэргэжлийн нарийн бүрээ хөгжимчин Г.Хонгор болон Magnolian нэрээрээ олонд танигдсан дуучин, ая зохиогч Б.Дөлгөөн гэх хоёр найз анх үүсгэн байгуулж байв.

Монголд цоо шинэ олон нийтийн санхүүжилтийг (краудфандинг) тэд анх амжилттай хэрэгжүүлж, цор ганц хувийн жазз клубийг нээж, урлагийн авьяас ур чадвар дээр үндэслэсэн бизнесийг босгож орчин цагийн Улаанбаатарын үдшийн хэмнэлийг тодорхойлогч болсон тэдний амжилтын түүхийг та бүхэнд хүргэж байна.

DSC_0787.jpg

Бизнесийн санаа, тэдний үйлчилгээ

“Fat Cat” бол Монголын анхны хувийн жазз хөгжмийн клуб юм. Түүнээс өмнө мэргэжлийн жазз, бүрээ хөгжимчид олон газрын тайзан дээр тоглодог, улсын тодотголтой Баянмонгол чуулга, Улсын филармони гэх мэт тоотой хэдхэн газар харьяалагддаг байсан нь тэднийг өөрсдийн гэсэн тайзтай, сонсогчидтой болох мөрөөдөл, зорилгыг бий болгожээ. Жазз хөгжмийн хэмнэлээр цугласан олны сэтгэлийг эзэмдэж, түүндээ тохирох уух зүйлсийг тааруулан нэрж, хүмүүсийн баярт мөчийг, дурсамжийг бүтээлцдэгээрээ тэд бахархдаг. Зочлохуйн үйлчилгээний салбарт тэдний үйлчилгээ яг л гурван тулгууртай багана мэт. Дахин давтагдашгүй хөгжим, түүнтэй зохицох уух зүйлс, хэзээд хэвээрээ амт чанараа алддаггүй хоолтой. Амьд хөгжмийн тоглолт, шүлэг найраглал, захиалгат үйл ажиллагааг тогтмол зохион байгуулснаар таван жилийн хугацаанд мянга гаруй тоглолт хийж жилдээ хорин мянга гаруй хүн үйлчлүүлж байна.

Artboard 1 copy 15.png

Бизнест нетворкинг маш чухал

2014 онд мэргэжлийн жазз хөгжмийн сургалт Монголд орж ирснээр “GMUB” үүсгэн байгуулагдаж байв. Мэргэжлийн хөгжимчдийн групп ийнхүү үүссэний дараа ковидын үеэр тэд хаалгаа барьсан ч хамтран үүсгэн байгуулагч Хонгор уг клубээс хамгийн үнэ цэнтэй уран бүтээлч хүрээллээ олжээ. Тэд “Cosy club”-д долоо хоногийн хоёр өдөр тогтмол тоглолт хийдэг байснаас авхуулаад олон газар захиалгаар тоглодог болсноор жазз хөгжимд дуртай сонсогчдын хүрээлэл үүсжээ. Эл хүмүүс хожим “Fat Cat”-ын үнэнч үйлчлүүлэгчид болох нь тодорхой байв.

Нетворкинг чухал гэдгийг баталсан бас нэг жишээ нь тэдний бүтээлч санаанд хөрөнгө оруулсан 43 хөрөнгө оруулагчид багтана. Мэдээж зах зээлд бизнесээ туршиж үзээгүй шинэ санааг танилцуулж байгаа учраас санхүүжүүлэгчдэд тэдний мэргэжлийн ур чадвараас гадна үүсгэн байгуулагчдын хэн болох, шударга байдал, зорилго тэмүүлэл, өсөж дэвших боломжтой эсэх нь тун чухал. Харин урлагийн салбарт олонд танигдсан байдал нь тэдэнд төслөө таниулахад давуу тал болсон аж.

Одоо харин “Fat Cat”-ын орон зай залуучууд, урлагийнхан, бизнесийнхэн гээд нетворк хийх төгс газар болсон. Долоо хоног бүрийн ажлын, амралтын гэлтгүй өдөр бүр энэ буйдхан газарт урлаг, хөгжим, амьдрал, ажил хэргийн яриа хөөрөө үл тасрах агаад Улаанбаатарт анх удаа ирж буй гадныханд заавал үзэх газруудын нэг нэгэнт болжээ. Үүнийг ч батлах мэт тэдний үйлчлүүлэгчдийн гучаад хувь нь экспатууд байдаг байна.

Санхүүжилт

Нетворкинг тэдэнд хөгжимчид, уран бүтээлчдийг нэг тайзан дээр цуглуулах боломжийг олгосноос гадна “Fat Cat”-ыг босголцох хөрөнгө оруулагчдыг ч цуглуулах завшаан олгосон аж. Анх цөөн тооны том хөрөнгө оруулагчид бус олон хүнээс бага дүнгээр хөрөнгө оруулалт татах саналыг Б.Дөлгөөн гаргажээ. Бизнесээ танилцуулснаар хүн тус бүрээс мянган ам.долларын хөрөнгө оруулалт авч олон нийтийн санхүүжилтийг татсан нь эргээд харахад нүдээ олсон явдал байв.

Гарааны санхүүжилтэд оролцогсод эргээд өөрсдийн хувь нэмрээ оруулсан бизнестээ өөриймсөг хандахаас гадна тэдний санал бодол дээр үндэслэн сайжруулалт хийх, олон нийтийн анхаарлыг татах гэх мэт дөнгөж эхлэх явцад нэгэн зэрэг олон давуу тал болсон юм. Краудфандингийн давуу тал нь олон хөрөнгө оруулагчидтай ч шаардлага тавьж менежментэд шууд оролцохгүй, банк санхүүгийн байгууллага шиг олон бичиг баримт шаардахгүй, нэг хөрөнгө оруулагчид ногдох дүн бага тул ашигтай санал байв. Манай улсад краудфандингийн албан ёсны платформ одоогоор туршилтын шатанд явж байгаа бөгөөд Бөхийн өргөө, Жанрайсаг бурхан зэргийг хандивын олон нийтийн санхүүжилтээр босгосноос өөрөөр бизнесийн секторт хараахан хэрэгжээгүй байгаа нь “Fat Cat” одоогоор хамгийн амжилттай хэрэгжиж байгаа туршлага юм.

Artboard 1 copy 9.png

Мэдээж хөрөнгө оруулагчид өгөөж хүртэх ёстой. Тэдний урьдчилан тохирсон хамтын санхүүжилтийн нөхцөл нь тодорхой хүүтэйгээр зээлийг эргүүлэн төлөх байв. Үүн дээр нэмээд хөрөнгө оруулагчдыг сэтгэл хангалуун байлгах гол шалтгаан нь бүх цаг үед таксгүй үйлчлүүлэх, хугацаагүйгээр хүссэн арга хэмжээгээ хоёр удаа зохион байгуулах эрх, “Fat Cat” нэрийн мерчендайз бүтээгдэхүүн бэлэглэх зэрэг урамшуулалт нөхцөл байсан ба тэд жил бүр хөрөнгө оруулагчдадаа зориулж арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.

Artboard 1 copy 14.png

Өрсөлдөх давуу тал

Хөгжмөөрөө тэд хүмүүсийг өөр цаг хугацаа, өөр орон зайгаар аялуулж өөр газар аваачдаг. “Fat Cat”-аар үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай гарцгаадаг тул байнгын үйлчлүүлэгчид олонтой. Энэ бүхэн байршилтай нягт холбоотой бөгөөд байршил сайтайгаас үүдээд үйлчилгээ чанарын өндөр түвшинд байх, стандартыг ягштал барих, хурдан сайжрах шаардлага тулгарсан нь тэдэнд харин ч сайнаар нөлөөлжээ. Зочлохуйн үйлчилгээний салбар дундаа олон өрсөлдөгчтэй ч тогтмол амьд хөгжмийн тоглолт хийдэг газар тийм ч олон биш. Бусад газрууд уух, идэх зүйлээ борлуулахын тулд тоглолт зохион байгуулдаг бол тэд тоглолтынхоо хажуугаар уух, идэх зүйлээр үйлчилдэгээрээ онцлог юм.

“Fat Cat” рекордсын захирал Б.Өнөрзул, муурнуудын ээж гэгдэх дуучин Жожогийн хэлснээр “Fat Cat” урлаг соёлын хамгийн идэвхтэй газар болж хувирсныг нотлох зүйл нь Монголын үдшийн хэмнэлийн хайлтын нэгт гарч ирдэг үзүүлэлт аж. Уг амжилтын нэг шалтгаан нь тэдний тогтмол үйл ажиллагаа бөгөөд цар тахлаас бусад үеэр сүүлийн таван жил тасралтгүй тоглолт хийжээ. Хөл хорионы үеэр хүмүүс аз жаргалаа юунаас авдгаа маш их мэдэрсэн учраас буцаад эрчтэйгээр хэвийн байдалдаа орсон. Тууштай, чанараа алддаггүй байдал нь тэдний өрсөлдөх давуу талуудын нэг юм. Маркетингийн хувьд Монголд жазз уран бүтээлчид цөөхөн учраас өөрөө шууд маркетинг болдог. Хөгжим нь өөрийгөө сурталчилдаг, амнаас ам дамжих уламжлалт маркетинг урлагийн салбарт хүчтэй хэвээр байсаар байна. Бүрээ хөгжим барьсан хэнэггүй царайтай ганган бүдүүн муур, энэ бол “Fat Cat”-ын бизнесийн өнгө төрхийг бүрэн илэрхийлж чадах хүчтэй брэндинг юм.

Artboard 1 copy 12.png “Fat Cat” рекордсын захирал Б.Өнөрзул,

Бэрхшээлийг давуу тал болгосон нь

Бизнестээ хэт төвлөрөхөөр уран бүтээлдээ гаргах цаг багасаж, аль алийг нь тэнцвэртэй авч явах бэрхшээл тулгарч байв. Анхаарал хөгжим, бизнес хоёрт хуваагдах болж аль нэг нь давамгайлаад ирэхээр нөгөөх нь цалгардах эрсдэлтэй байдаг аж. Үүсгэн байгуулагчид нь урлагийн салбарынх тул хөгжимдөө хэт төвлөрөх үед бизнесийн үйл ажиллагаа, менежмент алдагдах учир дутагдатай тул бизнесийн туршлагатай хүмүүсийг ажиллуулах нь чухал гэдгийг таван жилийн хугацаанд ойлгож авчээ. Мөн цаашид удаан оршин тогтнохын тулд тэдэнд систем хэрэгтэй гэдгийг эрт ойлгосон юм. Ялангуяа 25 доторх тооны ажилтантай бол удирдлагаас маш их хамааралтай байж нэг хүнээс шалтгаалах магадлал өндөртэй байдаг учраас систем үүсгэх ёстой байв.

Таван жилийн дараа эргээд харахад тэд их хотод жазз хөгжмийн соёлыг түгээж чадсан гэхэд болно. Учир нь “Fat Cat” анх нээгдэж байхад олон үйлчлүүлэгчид орж ирээд дан хөгжимчид тоглоод байна дуучин нь хаана байна гэж асуух тохиолдол хэд хэд гарч байлаа. Одоо харин хүмүүс бүтэн үдшийн турш зөвхөн жазз хөгжмийн аялгуунд хундага дарс уунгаа сууцгаах дуртай болцгоосон.

Мөн уран бүтээл, зочлох үйлчилгээнээс гадна хоолоор үйлчилнэ гэдэг тэдний хувьд хүнд сорилт байх байв. Зол болж, мөн анх төлөвлөж байсанчлан дээд давхартаа байрлах олон жил хоолны амт чанараараа танигдсан Веранда ресторантай хамтран ажилласнаар үйлчлүүлэгчиддээ халуун хоолоор үйлчилж эхэлжээ. Мөн хамтран ажиллаж буй хоолны газар нь Улаанбаатартаа дээгүүр орох өндөр стандарттай байсан тул тэд ч мөн өөрсдийнхөө түвшинд бүх үйлчилгээгээ сайжруулах шахалтыг эергээр хүлээж авсан юм.

Artboard 1 copy 16.png

“Fat Cat”-ынхан дараагийн төлөвлөгөөнд олон улсад гарч нэрээ цуурайтуулах том зорилго багтсан. Хөгжимчдөө сургах, багаараа олон улсын хөгжмийн наадамд оролцохын тулд хамгийн түрүүнд Өмнөд Солонгос улсыг зорихоор бэлтгэлээ базааж дуусаад байна. Хөгжмийн баг хамтлагийнхаа ур чадварыг сайжруулахын зэрэгцээ тэд бизнесээ ч өргөжүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд хэдийн зээлийн санхүүжилт авах бэлтгэлээ хийж байгаа аж. Их хотын амьдралын нэг том орон зайг хөгжим үргэлж эзэлсээр ирсэн бөгөөд цаашид ч Бүдүүн Муурынхан хотынхоо өнгийг нэмж, жазз хөгжмийн эгшиг аялгуугаар хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, мөн баясгасаар байх биз ээ.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна.) MicrosoftTeams-image (13).png